Сүүлийн хориод жилд Монголын сэтгүүлд зүйд урьд өмнө үзэгдэж байгаагүй асар том өөрчлөлт гарлаа. Төрийн эрхийг барьдаг цөөхөн хэдэн хүний санаа сэтгэл, үзэл бодолд тохируулан нийтлэл, нэвтрүүлгийн агуулгыг цагдан хянадаг Хэвлэл мэдээллийг хянах газрыг татан буулгаж, шинэ Үндсэн хуулиар иргэдийн язгуур эрх чөлөө болох үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулж, олон ургальч үзлийг тунхаглан зарлаж, иргэдийн ХМХ-ийг эрхлэн гаргах үйл ажиллагааг амар хялбар болгон, чөлөөт хэвлэлийг эрх зүйн үүднээс баталгаажуулсан “Хэвлэл мэдээллийн чөлөөт байдлын тухай” (1998) МУ-ын хууль батлагдсан нь манай оронд чөлөөт хэвлэлийн эх суурь тавигдаж, цаашид жам ёсоор хөгжих үүд хаалгаа нээж өгсөн билээ. Энэ бүхний үр дүнд сэтгүүл зүй, нэг талаар нийгмийг өөрчлөн шинэчлэх, ардчиллыг хөгжүүлэх, ил тод байдал, олон ургальч үзлийн индэр болох, нөгөө талаар өөрийнхөө үйл ажиллагааг нийгмийн өнөөгийн хэрэгцээ шаардлагын үүднээс өөрчлөн шинэчилж, зах зээлийн жам ёсны хөгжлийн дагуу зохицуулах зэрэг хоёр чухал зорилтыг нэгэн зэрэг шийдвэрлах шаардлага тулгарсан бөгөөд харьцангуй богино хугацаанд дээрх зорилтуудыг боломжийн төвшинд биелүүлсэн гэж хэлж болно. Үүний тод жишээ бол ОНМХ-ийн систем өөрчлөгдөж, ХМХ-ийн шинэ хэв маяг, сэтгүүл зүйн шинэ чиглэлүүд бүрэлдэн тогтохын зэрэгцээ сэтгүүл зүйн онол, арга зүйн бааз үндсээр нь өөрчлөгдөж, ардчилсан чөлөөт сэтгүүл зүйн үүргийг биелүүлж, үндсэн зарчмуудыг баримталж эхэлсэн нь манай сэтгүүл зүйн хөгжилд урьд өмнө байгаагүй цоо шинэ үзэгдэл, шинэ нийгмийн шинэ сэтгүүл зүй рүү хийсэн томоохон алхам юм.
ОНМХ-ийн тоо богинохон хугацаанд эрс нэмэгдсэн нь нэг талаар, ХМХ-үүдийн хооронд мэдээллийн төлөө, хэрэглэгчдийн төлөө өрсөлдөөн бий болж, мэдээллийн шуурхай, хүртээмжтэй чанар, багтаамжийг дээшлүүлэх, ашигтай, идэвхтэй мэдээллийг нэмэгдүүлэх, бичлэгийн ур чадварыг сайжруулахад эерэг нөлөө үзүүлсэн. Нийтлэл, нэвтрүүлгийн сэдвийн болон газар зүйн хамрах хүрээ өргөжиж, олон нийтийн санаа бодол, эрэлт хэрэгцээг харгалзсан мэдээ материалын тоо нэмэгдэж, аль ч ХМХ-ийн сэтгүүлч чөлөөтэй бичих боломж нээгдэж, сонин хэвлэлийн өнгө үзэмж, дүр төрх мэдэгдэхүйц сайжирч, менежментийн болон маркетингийн шинэ арга ажиллагаа нэвтэрч эхэлсэн нь үүний тод жишээ юм. Монголын сэтгүүл зүйд ажиглагдаж буй ийм эерэг үзэгдлийг олон улсын нэр хүндтэй байгууллагуудын шинжээчид ч хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ бол бүх юм сайн сайхан байна гэсэн үг биш юм. Дээр дурдсан эерэг үзэгдлийн сүүдэртэй талыг бас бодож үзэх хэрэгтэй.
Өнөөдөр нийтлэлийн чанар хэмээх ойлголт тоогоор, чанартай сэтгүүл зүй чанаргүй буюу шар сэтгүүл зүйгээр, хариуцлагатай сэтгүүл зүй хариуцлагагүй сэтгүүл зүйгээр, ёс зүйтэй сэтгүүлч ёс зүйгүй сэтгүүлчээр, саарал магтаал хов жив, гүжир гүтгэлгээр, бодит мэдээлэл сенсаац, туйлшралаар, гэгээтэй гэрэлтэй нийтлэл, нэвтрүүлэг захиалгат материалаар, ур чадвар сэтгэлийн хөөрөл, сэтгэхүйн ядуурлаар солигдож, ХМХ болгон, сэтгүүлч бүр олон нийтийн сэтгэхүйгээр тоглож, мэдээлэл болгоныг зоосны нүхээр, ашиг орлогын хэмжүүрээр хардаг болов. Сэтгүүлчид тулга тойрсон хэдэн сэдвийн хүрээнд эргэлдэж, аар саар аахар шаахар зүйлийн араас хөөцөлдөж, бичлэгийн нэг л өнгө аяс хэв загварт баригдан, хэмжээ нь жижиг бол мэдээ гэж, асуулт хариулт орсон бол ярилцлага гэж, бичлэгийн төрлүүдийг хольж хутгасан бол эргэцүүлэл хэмээн андуурч, бичлэгийн хэдэн зүйлийн хүрээнээс хальж чадахаа байсан нь заримдаа “галзуу хүний тэмдэглэл” уншихад хүргэж байна.
Үүнд олон хүчин зүйл нөлөөлсний дотроос цөөхөн хэдийг онцлон нэрлэвэл:
1. Чөлөөт сэтгүүл зүйн уламжлал, туршлагагүй манай орны хувьд энэ ойлголт цоо шинэ зүйл байсан бөгөөд сэтгүүлч-уран бүтээлчид ч, элитийн хүрээнийхэн ч, олон түмэн ч энэ талаар ихээхэн буруу зөрүү ойлголттой байсан нь чөлөөт хэвлэлийн төлөвшилд сөрөг нөлөө үзүүлсэн.
2. ХМХ-ийн тоо эрс нэмэгдэж, энэ салбарт мэргэжлийн бус хүн их хэмжээгээр орж ирсэн нь бичлэгийн ур чадвар, агуулга хэлбэрийн нэгдэл, найруулга зүй, бичлэгийн төрлийн хувьд сул, мэдээллийн эх сурвалж нь баталгаа нотолгоогүй, чанаргүй нийтлэл, нэвтрүүлэг олшроход хүргэсэн.
3. Хариуцлагатай сэтгүүл зүй жам ёсоороо хөгжих эрх зүйн орчин хараахан бүрдээгүй байгаа болон тун саяхан хүртэл сэтгүүлчдийн баримтлах ёс зүйн зарчим байгаагүй зэрэг нь санасан бодсоноо бичдэг, хүссэн бүхнээ хийдэг, хэвлэл мэдээллийг бусдыг гүтгэх, доромжлох, нэр төрийг гутаах, өш хонзон авах, тооцоо бодох хэрэгсэл болгон ашиглахад хүргэж байна.
4. Сэтгүүлчдийн мэргэжлийн мэдлэг, хэлний боловсрол, бичлэгийн ур чадвар, нийгэм-улс төр, эдийн засгийн мэдлэгийн түвшин доогуур, мэдрэмж, сэтгэлгээний цар хүрээ хэт явцуу байна. Өнөөдөр ХМХ-д сэтгүүл зүйн анхны мэдэгдэхүүнгүй хүмүүс цөөнгүй ажиллаж байна. Үүнд нэрмээс болж буй өөр нэг зүйл бол 21 их, дээд сургуульд сэтгүүлч бэлтгэж, чанартай чанаргүй боловсон хүчин олноор гаргаж байгаа явдал юм.
5. Нөлөө бүхий ХМХ-үүдийн ард улс төрийн тодорхой нэг нам, хэсэг бүлэг хүмүүс, улс төрчид, томоохон бизнесмэнүүд байдаг бөгөөд сонин хэвлэл, телевизүүд тэдний удирдамж, зааварчилгаар үйл ажиллагаа явуулж, үзэл бодолд нь тааруулан нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэж, захиалгаар бусдын нэр хүндийг гутаах, өөрсдийг магтуулах, сурталчлах зэвсэг болж хувирснаас мэдээллийн тэнцвэрт байдал алдагдаж, сонины зай талбай, эфирийн үнэт цаг өш хонзон авах, тооцоо бодох, улс төрийн болон эдийн засгийн ашиг хонжоо хайх талбар болжээ. Цаашид энэ асуудлыг нааштай шийдвэрлэхэд нөлөөлж болохуйц хэдэн саналыг дэвшүүлж байна.
Үүнд:
1. Редакцийн дотоод хяналтыг хүчтэй болгох шаардлагатай. Энэ бол агуулгад тавих цензур биш, хэрэглэгчдэд мэдээллийн чанартай бүтээгдэхүүн өгөх, сэтгүүлчдийг ямар нэгэн зөрчилд орохоос урьдчилсан сэргийлэх, ХМХ-ийн болон сэтгүүлчдийн нэр хүндийг дээшлүүлэх, олон түмний сэтгүүл зүйд итгэх итгэлийг улам бататгах, наад зах нь үг үсгийн, найруулга зүйн алдаагүй материал өгөх боломжоор хангадаг механизм юм.
2. “Сэтгүүлчдийн ёс зүйн зарчим”-ыг бүх уран бүтээлчид үйл ажиллагаандаа мөрдлөг болох замаар өөрийн хяналтыг бий болгох шаардлагатай. МСНЭ хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран энэхүү ёс зүйн зарчмыг практикт хэрэгжүүлэх, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох механизмыг бий болгох ёстой. Энэ бол сэтгүүлчийн ёс зүйн зөвлөл, эсвэл Хэвлэлийн консул байж болно.
3. Сэтгүүлчийг бэлтгэх, давтан бэлтгэх асуудлыг чанарын цоо шинэ шатанд гаргах шаардлага тулгарч байна. Мөн сэтгүүлчдийг мэргэжлийн болон бусад шинжлэх ухааны шинэ мэдээллээр хангах, сэтгүүл зүйн төдийгүй бусад салбар, чиглэлээр давтан бэлтгэх шаардлагатай байна.
4. Орон нутгийн иргэдийг мэдээллээр хангах зорилго бүхий аймгуудын ХМХ-үүдийн байдал туйлын хүнд, үйл ажиллагаа нь нийгмийн өнөөгийн хэрэгцээ, шаардлагаас хол хоцорсныг анхаарах цаг болжээ. Дэлхий дахин электрон сэтгүүл зүйн оргил үед хүрч, иргэний сэтгүүл зүйг бүх талаараа хөгжүүлэхийн төлөө зүтгэж буй даяарчлалын эрин зуунд манай орон нутгийн сэтгүүл зүй сард нэг удаа гардаг халтар сонин, долоо хоногт ганц хоёр удаа нэвтэрдэг чанаргүй радио, теле нэвтрүүлгээр хязгаарлагдах ёсгүй.
5. Өнөөдөр ХМХ-ийг жинхэнэ утгаараа хөгжүүлэхэд чиглэгдсэн төрийн бодлого, бодитой тус дэмжлэг алга байна. Үүнийг бид юуны өмнө хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, татварын бодлоготой холбож тайлбарлах хэрэгтэй юм. “Хэвлэл мэдээллийн чөлөөт байдлын тухай” хууль чөлөөт хэвлэлийн оршин тогтнох үндсэн асуудлыг шийдвэрлэж чадаагүй учраас сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалсан, бас тэдний үүрэг, хариуцлагыг нь тодорхой тусгасан, мэдээллийн эх сурвалжийг хамгаалах, мэдээлэл олж авах эрх, үүргийг баталгаажуулсан хууль гаргах шаардлагатай байна.
6. Сэтгүүл зүйн судлал, шүүмжлэлийг хөгжүүлж, эрдэмтэн судлаачдын хүчийг нэгтгэн ОНМХ-ийн нийтлэл, нэвтрүүлгийн агуулга, ур чадварт далайцтай судалгаа хийхийн шаардлага улам бүр нэмэгдсээр байна. Сэтгүүлчдийн бүтээлд бодитой үнэлэлт өгч, алдаа дутагдлыг илрүүлж, арилгах арга замыг зааж өгдөг сэтгүүл зүйн шүүмжлэл зогсонги байдалд орсон нь чанаргүй нийтлэл, нэвтрүүлэг олшроход нэрмээс болж байна. Сэтгүүлчийн уран бүтээлийн барометр болох ёстой сэтгүүл зүйн шүүмжлэлийг хөгжүүлж, шинэ шатанд гаргахад эрдэмтэн судлаачид, сургалт-судалгааны байгууллагууд ихээхэн анхаарч, санаачлагатай ажиллах шаардлагатай байна.
7. Телевиз байгуулахад оруулж буй гадаадын хөрөнгийн хэмжээнд лимит тогтоох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, оруулж буй хөрөнгийн хэмжээний хувийг тодорхой зааж өгсөн, тэр нь олон түмэнд ил тод байх ёстой гэсэн үг юм. Энэ бол телевизүүд гарааны ижил нөхцөлд үйл ажиллагаа явуулах, үзэгчдийн болон чанартай нэвтрүүлгийн төлөө өрсөлдөөнийг жинхэнэ утгаараа бий болгоход нөлөөлөх болно.
Эх Сурвалж: http://tsagtur.mn/2010-02-02-03-46-32/