Monday, December 8, 2014

ЭЛЭГНИЙ ТУХАЙ ЯРИА

"Маргаашийн сэтгүүлчид өнөөдөр бичиж байна" 10 дахь цувралаас...
ЭЛЭГНИЙ ТУХАЙ ЯРИА
(Шог найруулал)
Би гэдэг хүн Сэтгүүл зүйн ангид сурдаг болсноосоо хойш телевизор гэдэг хэрэгсэлтэй их л ойр харьцаж орой бүр л зурагтны өмнө хэвтэж, удирлага солин цагийг өнгөрүүлдэг болсон. Нэгэн удаа би ийм нэвтрүүлэг үзлээ. Энгэр задгай шахам цамц өмссөн, ажил хийж яваа гэхээсээ илүү хаа нэгтээ цэнгээний газар сууж байна уу гэлтэй сэтгүүлч урьд өмнө нь харж, үзэж, сонсож байгаагүй нэг эрхмээс чухалчлан ярилцлага авч байх юм. Энэ хоёр хүний элдэв яриа сонирхлыг минь хачин ихээр татаад явчихав. Тэр сэтгүүлчийн үсээ хаялах, хөлөө ачих, үе үе камерийн өмнө “поз” авах энэ тэр бол дэндүү мундаг. Сэтгүүлч чухам яах гэж энэ хүнийг нэвтрүүлэгтээ урьсан нь ойлгогдсонгүй. Тэрбээр оролцож буй хүнээ сайн судлаагүй юу эсвэл угаасаа түүнд огт хамаагүй юм уу, ямар ч байсан нэг тийм үл тоосон байдалтай хандана. Би дундаас нь үзэж эхэлсэн болохоор тэгж харагдсан ч байж магад. Сэтгүүлч:
-Мэдээж хүн ганцаарддаг. Та ганцаардсан үедээ яадаг вэ?
-Ганцаардсан үедээ юу? Элгэн хадан дээр суугаад элдвийг боддог. Лхагвасүрэн гуайн “Элгийг чинь цөмлөн шингэнээ эх орон минь” гээд шүлэг байдаг даа. Нэг тиймэрхүү л.
-Эх орон гэснээс, гадаадад суугаа монголчууд маань эх орондоо ирэх болов уу? Та юу гэж бодож байна?
-Ирэлгүй дээ. Элэг нь байхад тэд маань эргээд л ирнэ.
-Та хамгийн сайхан үйлийг нэрлээч гэвэл юуг хэлэх вэ? Мэдээж нэг юм байгаа даа.
-За даа, ер нь хамгийн сайн үйл гэвэл элэгний донор болох юм даа.
-Элэгний донор гэж сэтгүүлч үгэндээ хахах мэт гацснаа, За за дараагийн асуултандаа оръё. Танд тохиолдсон хамгийн аймшигтай зүйл юу вэ?
-Аавын маань анхны онош элэгний вирус байсан. Тэр л их аймшигтай гээд нөгөө эрхмийн харц их гунигтай болов. Сэтгүүлч ч гэсэн түүний гунигт автав.
-Аав чинь тэгээд ?
-Өнгөрчихсөн. Сэтгүүлч гэнэт сэхээ авсан бололтой.
-Жаахан эвгүй яриа руу орчихлоо. Танд тохиолдсон сонин хачин гайхмаар зүйл гэвэл та юу хэлэх вэ?
-Гайхах аа? гээд нөгөө эрхэм одоо л нэг гайхаж байна уу гэлтэй царайлж, энэ тэгээд ярилцлагад хамаатай юмуу ? гэхэд: Сэтгүүлч:
-Үгүй ээ зүгээр л гээд дуугүй болов. Мань эрхэм жаал бодож байснаа хэлж гарав.
-Би нэг ШУ-ны холбогдолтой сэтгүүл уншиж байгаад халимны элэг хоёр тонн жинтэй гэдгийг мэдээд их гайхсан гэхэд сэтгүүлчийн царай хувьсхийлээ. Гэтэл мань эрхэм буруу ярьчихав уу гэсэн шиг гэлбэлзэж,
-Өөр бас нэг юм бий л дээ. Сая намайг гадаа сууж байхад чи ирээд “Элгэн хорвоо” телевизээс явж байна. Та манай шууд нэвтрүүлэгт ороодхооч. Юу ч ярьсан яахав” гэхээр чинь их гайхсан шүү гэхэд сэтгүүлч бантсан бололтой хулмалзсанаа худлаа инээмсэглэв.
-Яагаад?
-Учир нь миний нэрийг Түмэн –Элэг гэдэг гэв. Тэгтэл сэтгүүлч:
-Ямар сонин нэр вэ? Та байн байн л элэгний тухай яриад байх юм. Элэг ер нь хүний гол эрхтэн үү?
-Эрхтэнд хамгийн гол гэсэн ангилал байхгүй л дээ. Бүгд л гол. Гэхдээ хүн хамаргүй, чихгүй, ухаангүй, бодлогогүй байж болно. Харин элэггүй л байж болохгүй.
-Тийм байх. Та залуусдаа хандаж үг хэлэхгүй юу?
-Надаас үг сонсох залуу ч гэж юу байхав. Гэхдээ сонсвол эцэг эхийнхээ элгийг бүү эмтлээрэй л гэж хэлнэ дээ.
-Одоо танаас дараагийн асуултаа асууя. Таны хамгийн дуртай зүйл?
-Элэг авмаар онигоо...
-Тэгвэл дуртай шүлэг?
-“Элгэндээ наа энгэртээ тэвэр...” гэхэд сэтгүүлч түүний яриаг тасалж
-Ингэхэд танай гэр бүлийн хүн юу хийдэг вэ?
-Дотрын эмч гэхэд сэтгүүлч ихэд олзуурхан
-Сүүлийн хариулт чинь их аятайхан боллоо элэгний тухай ярьсангүй гэхэд нөгөө эрхэм “Сэтгүүлч ёстой тэнэг” гэсэн шиг толгой сэгсэрнэ. Сэтгүүлч:
-Та бид хоёрын яриа байсхийгээд л нөгөө бөөсний тухай ярьдаг онигоо шиг болчихоод байна л даа. Та тэр онигоонд итгэдэг үү?
-Яалаа гэж итгэх вэ дээ. Тэр чинь онигоо шүү дээ. Харин бөөсөнд элэг байдаг гэвэл би ёстой итгэхгүй шүү гэхэд сэтгүүлч хэлэх үг нь олдохгүй бололтой камер руу хэд хэд хялам хийснээ хоолойгоо засан:
-Та ямар хоолонд дуртай вэ?
-Шарсан элэг гэхэд сэтгүүлч бүр нам дуугүй болсноо хурдхан шиг сэхээ авч,
-Та ерөөсөө... за за та нэг дуу дуулаач? Эр хүн наадамд гурван даваатай найранд гурван дуутай гэдэг дээ гэхэд мань эрхэм хоолойгоо засан:
-Элэг зүрхнээс уяатай, Энхрий Монгол нутаг гээд явж байсан чинь эфир гэнэт хаагдаж дэлгэцэнд олон өнгийн зураас гарлаа. Би бүр эвхэрч унав. Хэвлийгээр татчихаад тэнийсэнгүй. Сүүлдээ амьсгаа ч авч чадахгүй болчихлоо. Тэгтэл харин тэд дүрсээ хаасан ч дуугаа хаасангүй.
Нэг эрийн хахир дуу гарч байна. “Энэ нэг мангар юмыг хэн эфирт гарга гэсэн юм. Хаанаас олоод ирэв” гээд нөгөө эрхэм рүү хандаж байгаа бололтой.
-Чи ч гэсэндээ хүн доромжилж байгаа юм уу, хайшаа юм, элэг элэг гээд солиороод байх юм. Үзэгчид гэдэг чинь чамд доромжлуулаад сууж байдаг юм уу гэхэд нөгөө эрхмийн дуу гарч: Үзэгчдийг хамгийн их доромжилдог нь та нар шүү. Хэнийг ч хамаагүй авчирч, хэнд ч хэрэггүй юм ярьж, цаг үрж суудаг нь та нар биз дээ. Та нарын ядаж зарим нь ухамсраараа хаагдвал ядаж цахилгаан хэмнэгдэнэ шүү дээ гэх нь дуулдаад телевизорын дуу тасрав. Харин завсаргүй инээж байсан би гэнэт инээхээ болилоо. Инээдмийн эмгэнэл гэж...
МУИС, Сэтгүүл зүйн 3-р курс Э.Гэрэлмаа

Эх Сурвалж: https://www.facebook.com/pages/%D0%9C%D0%A3%D0%98%D0%A1-%D0%9D%D0%A8%D0%A3%D0%A1-%D0%A1%D1%8D%D1%82%D0%B3%D2%AF%D2%AF%D0%BB-%D0%B7%D2%AF%D0%B9%D0%BD-%D1%82%D1%8D%D0%BD%D1%85%D0%B8%D0%BC/528408370537457

No comments:

Post a Comment