Monday, December 8, 2014

Сэтгүүл зүй

Сэтгүүл зүй бол үзэгчдэд хандсан аливаа үйл явдлын судалгаа шинжилгээ ба үр дүнгийн тайлан юм. Хэдий маш олон төрлийн сэтгүүл зүй байдаг боловч туйлын зорилго нь үзэгч, уншигчдад улс төр, бизнесийн бүтэц зохион байгуулалт, нийгмийн соёлын нүүр царай болсон урлаг соёлын тухай мэдээллүүдийг хүргэхэд оршино. Орчин үеийн нийгэмд мэдээллийн хэрэгсэл нь мэдээллийн ханган нийлүүлэгч болон нийгмийн хэрэг явдлын бодол санаа нь болж байвч сэтгүүл зүйн үүрэг, эрх зүйн хэм хэмжээ нь өргөн олны мэдээллийн хэрэгслүүд, интернетийн үр дүнгийн өөрчлөлт юм.

Түүх[засварлах]

Johann Callors-ийн 1605 онд хэвлэгдсэн "Relation aller Fьrnemmen Und Gedenskwьrdigen Historien" сонин нь сэтгүүл зүйн түүхэнд хамгийн анхны сонин гэж тооцогдож байв. Харин хамгийн анхны Английн өдөр тутмын сонин болох Daily Courant 1702-1735 онд хэвлэн нийтлэгдэж байв. Хамгийн анхны сургуульд зориулсан сонин нь 1908 онд Миссуригийн их сургуульд Walter Wilson гэсэн зохиолчтойгоор бий болсон байдаг. 1950 онд Бразилд хэвлэгдсэн Diario Cariocia сонин орчин үеийн сэтгүүл зүйн эхлэлийг тавьсан байна.
Өнгөрсөн 20-р зуунд хэвлэлийн зах зээлд жижиг сонин, эмхэтгэл ноёрхож байсан ба гол хэлэлцэх асуудал нь илт мэдэгдэхүйц бодит байдал эсвэл тэнцвэрийн таамаглал байв.

Шинэ үеийн сэтгүүл зүй[засварлах]

1874 онд Пулитцер Вашингтонд иржээ. Тэрбээр өмгөөлөгчийн шалгалт амжилттай өгч, тус мэргэжлээрээ ажиллахын сацуу “The New York Times” сонинд сурвалжлагч хийж байлаа. Өмгөөлөгчийн ажил түүнийг санхүүгийн хувьд нэлээд хөлжүүлсэн гэдэг. Улмаар 1878 онд дампуурлын ирмэгт тулаад байсан “Dispatch”, “Post” сонинг худалдаж авах санал түүнд иржээ. Пулитцер сонины хоёр редакцийг нэгтгэн “St.Louis Post-Dispatch” хэмээх шинэ нэр өгсөн байна. Хэвлэл мэдээллийн өөрийн гэсэн хэрэгсэлтэй болсон тэрбээр сониныхоо эзэн, редактор, сэтгүүлчийн ажлыг нэгэн зэрэг хийж байлаа.
Сонины эрэн сурвалжлах буланд улс төрд түүнтэй хамт зүтгэж явсан хүмүүсийн талаар хайр найргүй зүйл бичиглэх болжээ. Энэ бүхний ачаар Сент Луис хотын хамгийн нэр хүндтэй сонин болох нь тэр. Орон нутагт болж буй улс төр болон хэл ам таталсан болгоны талаар үнэнийг бичиж байлаа. Улстөрчдийн заналт дайсан болж, амь насанд нь аюул учирч болзошгүй болж эхэлсэн тул тэрбээр 1882 оны сүүлчээр Нью Йоркийг зорьсон байна. Харин сонинынхоо үйл ажиллагааг утас, цахилгаан шуудангаар удирдаж байжээ.
1983 онд Пулитцер “The New York World” сониныг худалдаж авлаа. Тус сонины эхний дугаарт Нью Жерси мужид тохиолдсон аймшигт хар шуурганы тухай өгүүлэл, цаазын ял авсан хоригдолтой хийсэн ярилцлага нийтлэгджээ. Дээрх материал нь өнөө цагт энгийн санагдах боловч тухайн үед огт нийтлэгдэж байгаагүй цоо шинэ дуулиан байлаа. Пулитцер өөрийн сэтгүүлчдээс шуугиан тарих мэдээ, баримт олж, түүний уншигчдад шууд хүргэх хэмжээнд бичихийг шаарддаг байв. Тиймээс түүний сонины мэдээ, нийтлэл, сурвалжлагууд нь “Аймшигт аллага”, “Үхлийн амьсгал”, “Нууц амрагууд” гэх мэт сүржин гарчигтай нийтлэгддэг байжээ. Улмаар “The New York World” удалгүй хотын хамгийн тэргүүний сонин болсон юм.
Сэтгэцийн эмнэлгийн тухай цуврал нийтлэл нь сэтгүүл зүйд томоохон дуулиан тарьсан бүтээлийн сонгодог жишээ байлаа. Сэтгүүлч эмнэлэг рүү нэвтрэхийн тулд сэтгэцийн өвчтөний дүрд чадварлаг жүжиглэж чаджээ. Учир нь “өвчтөн”-г үзсэн таван эмчийн дөрөв нь шизофрен гэх онош тавьсан юм. Хэдэн долоо хоногийн турш өвдөөгүй өвчнөө эмчлүүлж байхдаа Пулитцер тус эмнэлгийн өвчтөнүүд хүйтэн орчинд, хагас өлсгөлөн байдалтай, балмад хэрцгий харьцаан дунд эмчлүүлдэг болохыг нарийн баримттай дэлгэж бичжээ. Энэхүү нийтлэлийн дараа хотын дарга сэтгэцийн эмнэлгт бүрэн шинэчлэл хийсэн гэдэг.
“Аливаа гэмт явдал олны нүднээс далд, нуугдмал байдалд байх чадвартай. Тэр бүхнийг ил гаргаж, тодорхой болгон бич. Эрт, орой хэзээ нэгэн цагт олон түмний үзэл бодлын хүчээр энэ булай явдал арилна” хэмээн Пулитцер хэлдэг байжээ. Тэрбээр өөрийн сонины нийтлэл, мэдээллээр үргэлж шинийг эрэлхийлэн, олон нийтийг аливаад уриалахыг зорьдог байв. Сонины нийтлэлийн үр дүнгийн нэг жишээ бол, АНУ-ын сүлд болсон Эрх чөлөөний хөшөөг барих ажилд олон нийтийн анхаарлыг хандуулж, хөшөөг босгосон явдал юм. Мөн түүний удирдлага дор ажиллаж байсан сэтгүүлч Нелли хэмээх эмэгтэй Пулитцерын даалгавраар дэлхийг Жюль Вернийн зохиолын баатраас ч хурдан хугацаанд буюу 72 өдрийн дотор тойрч чаджээ. “The New York World” сонины амралтын дугаар шар, хар өнгөөр хошин зураг бүхий мэдээллүүд гарч байсан нь өнөөгийн “шар хэвлэл” хэмээх ойлголт гарсан гэдэг.
Жозеф Пулитцер сонин, содон, сонирхолтой нийтлэлээрээ хожим нь “Шинэ сэтгүүл зүй” хэмээн нэрлэгдсэн орчин үеийн хэвлэл гаргах зарчмыг нээсэн гэж түүхэнд бичигдсэн нэгэн. Сэтгүүл зүйд шинэчлэл авчирсан дээрх ажилдаа сэтгүүлчдийг сургаж чадсан нь яах аргагүй түүний гавьяа мөн ажээ.

Үүрэг[засварлах]

1920 онд орчин үеийн сэтгүүл зүйн эхлэл тавигдаж байсан бөгөөд зохиолч Walter Lippmann, Америкийн философич John Dewey нар ардчилсан сэтгүүл зүйн үүргийг хэлэлцжээ. Тэдгээрийн гүн ухааны талаарх ялгаатай байдал нь нийгэм болон улс орон дахь сэтгүүл зүйн үүргийн тухай хэлэлцэж, тодорхойлсон байна. Lippmann өнөө үед сэтгүүлчийн үүрэг нь нийгэм болон улс төрийн хоорондын орчуулагч зуучлагч болохыг ойлгожээ. Сэтгүүлч нь зуучлагч болов. Элитүүд ярих үед сэтгүүлчид сонсож, мэдээллийг боловсруулснаар ард түмэн болон тэдгээрийн хэрэгцээнд зарцуулдаг байна. Үүний дараах түүний бодлого бол ард түмний байр суурийг зохион байгуулах, орчин үеийн нийгэм дэх үймээн самууны талаарх мэдээллийг нэмэгдүүлэх, мөн үзүүлэх юм. Иймээс зуучлагч нь массаас мэдээллийг шүүх хэрэгтэй болов. Lippmann энэ асуудалд "Ард түмэн улс төрийн төвөгтэй асуудлын үр дүнг ойлгохоор ухаантай биш" гэв. Цаашилбал ард түмэн нь тэдний өдөр тутмын амьдралаа нийгэм улс төрийн төвөгтэй асуудлуудад санаа тавихав зарцуулдаг. Иймээс ард түмэнд элитүүдийн шийдвэр, хамаарал холбоог энгийн ил тодоор мэдээлэх, тайлбарлах хэн нэгэн хэрэгтэй байв. Lippmann нь ард түмний өгсөн саналаар элитүүд тэдгээрийн шийдвэрийг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байв. Элитүүд (улс төрчид, хүнд сурталтангууд, эрдэмтэд гэх мэт) хүчтэй явагдаж буй бизнесээ хамгаалдаг. Lippmann-ы ертөнцөд сэтгүүлчдийн үүрэг нь ард түмэнд элитүүдийн юу хийж байсныг мэдээлэх байсан. Энэ нь зөвхөн элитүүдийн харуулын нохой мэт үйлдэл бөгөөд ард түмэнд эцэст нь тэдний саналыг хэлэх байсан юм. Энэ нь ард түмнийг хүчирхэг гинжний голд байлгах, хамгаалах мөн элитүүдийн тухай мэдээллээр хангахад үр нөлөөтэй байв.
Lippmann-ы элитизм нь тэр харамсах гашуудах шалтгаан байв. Түүхчид болон эрдэмтдийн үзэж байгаагаар Lippmann ардчилсан засгийн газар тулгамдсан асуудалтай байх үед бараг л эрх мэдэлгүй байсан. "Эрх чөлөө ба Хэвлэл" (1919), "Ард түмний үзэл бодол" (1928) сонинд Lippmann:"Итгэ! Эрх чөлөө бол ирээдүйн шинжлэх ухаан болон түүхийн үнэлгээг тогтоох болно" Мөн ард түмний үзэл бодол засгийн газраас гадуур оюун санааны системийг удирдаж байв. Энэ мэтээр сэтгүүлчийн эрх чөлөө чухал нотолгоо баримт олох, цуглуулахад зориулагдсан байдаг. Lippmann хүчирхэг сонины газрын нөлөөлөлд харамсаж бас зоригтой,тэвчээртэй улс төрийн зүтгэлтэнг илүүд үзэж байв. Тиймээс л тэр олонхийн үзэл бодлыг муулдаггүй.Гэвч тэдгээр нь хэн нэгний нөлөөлөлд хүчтэй орсон байв. Засгийн газрын Бүгд найрамдах хэлбэрт нөлөөлөгч нь ард түмнээр сонгогдох бөгөөд тэднийг улс төрийн байгууллагууд болон үндэсний бодлогыг чанд мөрдөх ёстойг сануулж байв. Lippmann-ы арцалдаан бол эдгээр бодлого болон байгууллагуудтай хамт байсан бөгөөд тэдгээр нь шинжлэх ухааны болон түүхийн үзэл санаа нь түүнд цэвэр улс төрийн гүн ухааны үндэс суурь байсан. Гэвч Lippmann дахин "Дэвшилтэт хөдөлгөөний хамтын ёс" гэж юуг нэрлэж байгааг эргэн бодож бас тэрээр Америкийн улс төрийн байгууллага болон Засгийн газрыг сайшааж эцэст нь "Ард түмний гүн ухаан"-ыг (1995) бичиж тэр нь Америкийн байгууллагуудын бодлого сэргэхэд тус дөхөм болсон.
Dewey нь ард түмэн, элитүүдийн санаачилсан, хариуцсан хэргийг ойлгох авъяас чадвартай байгаагүй бөгөөд ард түмний хуралдааны шийдвэр нь хэлэлцүүлэг маргааны дараа болдог гэдгийг ойлгосон. Үр дүн нягт нямбай, зөв байвал шилдэг санаанууд гарч ирнэ. Dewey "Сэтгүүлчид нь мэдээллийг илүү энгийн болгож дамжуулна" гэдэгт итгэдэг байв. эцэст нь түүний үзэл бодол янз бүрийн хэрэгжиж ерөнхийдөө "Нэгдмэл сэтгүүл зүй" гэж танигдав. "Нэгдмэл сэтгүүл зүй" гэх энэ ойлголт нь Сэтгүүл зүйн шинэ хөгжил дэвшлийн гол төв нь болж байв. Энэ шинэ загвар нь "Сэтгүүлчид нь иргэд болон элитүүдийн сонирхлыг мэдээллийн багтаамж агуулгад татах боломжтой байв". Энэ нь тэгш эрхийг хүлээж авах зуур чухал тэмдэглэл болж байв. Dewey ишлэл хэсгийг тэмдэглэсээр байв. Dewey олон нийтийн мэдлэг нь ганц хүний мэдлэгээс дээр гэдэгт итгэдэг. Шинжээчид болон оюутнуудад Dewey-н ажил нээлттэй боловч ямар ч шатлан захирах бүтэц байхгүй, мөн Dewey-н сэтгүүл зүйг болон нийгмийг ойлгохгүй байв. Dewey-гийнхээр бол ардчиллын зүрх нь яриа, хэлэлцүүлэг, харилцан ярилцах байлаа. Lippmann-ы сэтгүүл зүйн философи нь засгийн газрын лидерүүдэд илүү тааламжтай байх боломжтой. Dewey-н арга бол хэдэн сэтгүүлч өөрсдийн нийгэм дэх үүргээ олж харж байна гэдгийг тодорхойлох юм. Жишээлбэл Америкууд сэтгүүлчдийн хорооны заримыг нь хэлж, шүүмжилдэг. Гэвч тэд сэтгүүлчдийг засгийн газар, бизнесмэн, жүжигчид, мэдээллийн шийдьэрийг өөрчлөх боломжтой хүмүүст үйлчлэх нь гэж тааварлан хазайдаг байна.

Элемент[засварлах]

Bill KOwach ба Tom Rosenstiel нар нь онцгой заавар удирдамж бүхий саналыг сэтгүүлчдэд зориулсан " Сэтгүүл зүйн элемент" номондоо тусгажээ. Учир нь Сэтгүүл зүйн эхний байритлах зарчим нь сэтгүүлч нь иргэдэг үнэнийг хэлж, нийгмийн бие даасан, нөлөө бүхий хувь хүн, албан байгууллагад үйлчлэх явдал юм. Сэтгүүл зүйн гол мөн чанар нь иргэдэд найдвартай мэдээллийг түргэн шуурхай, цаг тухай бүрт нь үнэн зөвөөр хүргэхэд оршино.

Эх сурвалжийг хамгаалах[засварлах]

Цагдаа, хуулийн байгууллага, шүүх, шоронгоор хавчигдсан ч сэтгүүлч хүн өөрийн эх сурвалжаа хамгаалах, далд байлгах эрх чөлөөг илүү сунгах (илүү хүчтэй болгох) шаардлага байдаг. АНУ-д ийм хууль байдаггүй ч шүүх нь маш онцгой үе биш бол сэтгүүлчдийг эх сурвалжаа тавихыг хүчилдэггүй. Шүүх энэ хэмжээг тогтоодог. Шүүхийн шийдвэр авсан ч эх сурвалжаа нууж байгаа сэтгүүлч шүүхэд дуудагдаж, торгуулж, бүр шоронд орох эрсдэлтэй.

Хууль ёсны статус[засварлах]

Зарим улсын Засгийн газар хэвлэлийн эрх чөлөөг тунхаглаж байхад зарим үндэстэн сэтгүүлчдийн хайх, хэвлэн нийтлэх эрхийг хатуугаар хязгаарлаж байна. Олон улс орны сэтгүүлчид олон нийтийн үйл ажиллагаанд илүү оролцож, гэмт хэргийн халуун газар, хэвлэлийн хурал, баяр ёслол, албан ёсны ярилцлага, сурвалжлага хийж эрхээ эдэлж чадахгүй байна.

Төрөл[засварлах]

  1. Сурталчилгааны сэтгүүл зүй
  2. Нэвтрүүлгийн сэтгүүл зүй
  3. Судалгааны сэтгүүл зүй
  4. Гудамжны сэтгүүл зүй
  5. Шар хэвлэл (Дуулиант)
  6. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй

Эрэн сурвалжлах сэтгүүл зүй[засварлах]

Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь сэтгүүлчийн идэвхтэй үйл ажиллагаа,мэдээллийн нээлттэй, цогц эх сурвалжийн орчин, иргэний эрх зүйт нийгэмд бодитой оршдог сэтгүүл зүй юм. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь эрх мэдэл бүхий хувь хүн, байгууллагын хууль бус, ёс суртахуунгүй үйл ажиллагаа, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээний эсрэг үйлдлийг илчилж олон түмэнд мэдээлдгээрээ нийгмийн хөгжилд чухал хүчин зүйл болох эрх чөлөө , ардчилал, ил тод байдлыг хамгаалан, хэвлэл мэдээлэл хэмээх “дөрөв дэх засаглал” хүчтэй оршиж буйг харуулж байдаг. АНУ-ын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгийг үндэслэгч Роберт Грин “Тодорхой хувь хүн, байгууллагын нууцлахыг хүсч буй мэдээллийн гүнд нэвтэрч, нийгмийн эрх ашгийг хөндсөн чухал асуудлыг дэлгэж тавих зорилгот нийтлэл, нэвтрүүлгийг эрэн сурвалжлах сэтгүүл зүй”1 гэж тэмдэглэжээ. Мөн Английн нэрт сэтгүүлч Дэвид Рэндалын тодорхойлсноор “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн зорилго нь “албан хаагч, төр захиргааны ажилтнуудын нуухыг хичээж буй мэдээллийг ил гаргах, хүмүүсийн амьдрал, нийгэмд нөлөөлөх үйл явдал, туршлагуудын тухай мэдээлэх, эрх баригчдын авилга, улсын хөрөнгийг үр ашиггүй зүйлд цацах зэрэг буруу үйлдлийг хянаж байхад оршдог”2. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нийгмийн үр нөлөө өсөхийн хирээр судлаач шүүмжлэгчдийн анхааралд өртөн, түүний талаар олон янзын шүүмж гарах болжээ. Тухайлбал АНУ-ын баруун хойт мужийн их сургуулийн эрдэмтэд, профессор Дэвид Протесс ба түүний удирдсан бүлэг судлаач хэдэн жилийн турш эрэн сурвалжлага хийсэн сэтгүүлчдийн дунд асуулга явуулсны дүнд олдсон мэдээ, мөн түүнчлэн уншигч, телевиз үзэгчдийн дунд хийсэн ажиглалтдаа үндэслэн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тухай бичиж, тодорхой дүгнэлтүүд гаргасан байна. Тэдгээрийн заримыг дурьдвал, “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сэдвүүд нь хэд хэдэн эх сурвалжаас үүдэн гардаг, эрэн сурвалжлах ажлын бэрхшээлийг харилцан буулт хийх замаар даван туулна, илчлэх материал гарахад янз янзаар л ханддаг, эрэн сурвалжлагын үр дүнг нийтлэхэд уг байдлыг өөрчлөх гэсэн олон нийтийн шаардлага хааяа өрнөх үе бий, харин албан тушаалтан, байгууллагууд нийтлэгдсэн материалын талаар янз бүрийн учир шалтгаан зааж, хариу өгдөг бөгөөд заримдаа арга хэмжээ авдаг”3 гэжээ. “Сэтгүүл зүйд байх шохоорхлын хэм хэмжээ нь тэдгээр баримтыг цаагуураа үндэслэлтэй болгодог. Гагцхүү тэдгээрийг нэгтгэн дүгнэх хийгээд гаднах үндэслэл нь эргэлзээтэй байж болох талтай. Энэ нь сэтгүүлчид хэрэг явдлын ижил болон ялгаатай, эерэг болон сөрөг, эсвэл төсөөтэй байдлыг сайтар анзаарахгүй, харин тусгай, тусгай баримтыг илүү анхаардагт хамаг учир нь оршиж байдагтай холбоотой”4 гэж Оросын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийн захирал А. Константинов хэлсэн байдаг. Зарим судлаачид эрэн сурвалжлах сэтгүүл зүйг “гүн ухаан, философийг өөртөө нэвт шингээсэн сэтгүүл зүй”5 гэж үнэлдэг тал ч бий. Барууны сэтгүүл зүйд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үүргийг: - Албан тушаалтнуудын хаацайлан далдлахыг хүсэж байгаа нууцлаг зүйлийг ил гаргаж тавих; - Далд сэдвийг дэлгэх замаар түүнд олон түмний анхаарлыг хандуулж,, улмаар тэдний хяналтыг бий болгох; - Эх сурвалжийн баримт мэдээлэлд тулгуурлан тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замыг гаргаж тавих; - Төр засаг болон бусад аж ахуйн байгууллагуудын үйлдэлд хэвлэл мэдээллийн хяналт тавих6 зэргээр тодорхойлжээ. Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл бол сэдэж гаргадаг, олон нийт зэвүүцэн дургуйцэхэд эрх баригчид байдлыг засах арга хэмжээ авдаг гэсэн хэт хялбаршуулсан схемийг АНУ-ын эрдэмтэн Протесс арилгахыг хичээсэн аж. Түүний ажиглалтаар эрэн сурвалжлах ажиллагааны явцад сэтгүүлчид сэдэж тавьсан асуудлыг нь эрх баригчид анхаарч, арга хэмжээ авахыг зүгээр хүлээж номхон хүлцэнгүй сууж байгаагүй. Сэтгүүлчид эрх баригчидтай хамтран ажиллахыг оролдож, шүүмжлэлт материал бүр нийтлэгдэхээс өмнө ч зайлшгүй өөрчлөх хэрэгтэй асуудлаар тэдэнтэй ярилцаж, үр дүнг нь хянан тандаж нэмэлт өгүүллүүд бичиж, энэ тухай уншигчдын сонорт хүргэж байсныг Протесс судалгаагаараа гаргасан байна.Мөн үүний хажуугаар эрэн сурвалжлах сэтгүүл зүйн талаарх шүүмжлэлт үзэл санааг Баруун хойд мужийн их сургуулийн профессор асан Жеймс Эттема, Стэнфордын их сургуулийн Теодор Глассер нар эрэн сурвалжлага хийж , мэргэжлийн шагнал хүртсэн сэтгүүлч, редакторуудтай хэдэн жилийн турш ярилцан асуулт тавьж, сэтгүүлчдийн хэрхэн ажилладаг, ажил мэргэжлийнхээ тухай юу бодож явдаг зэргийг судалсаны үр дүнд “”сурвалжлагч сэтгүүлчид баримтыг гуйвуулан овжин ашиглаж, үнэхээр тийм явдал болсон юм байна гэж уншигчид, телевиз үзэгчдэд ойлгуулан, тэдний дургүйцлийг төрүүлэхийн тулд гэмт хүмүүсийг гэмгүй болгодог гэсэн нээлт хийж., хүмүүст итгүүлэхийг хүсч байжээ” гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Гэвч эдгээр судлаачдын үг тухайн үедээ нотолгоо үнэмшил багатай байжээ. 1980 –аад оны дундуураас зарим хэвлэл эрэн сурвалжлах сэтгүүл зүй устана гэсэн зүйл бичиж байсан ч тэр нь амьдрал дээр батлагдсангүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нь авч үзвэл электрон болон дармал хэвлэлээр явуулсан эрэн сурвалжлага зарим талаар буурсан тал бий аж Гэвч сэтгүүлчдийн дундах судалгаагаар тэдний эрэн сурвалжлага хийж, мэргэжлээрээ “алдарших” хүсэл нь төдийлөн буураагүй гэсэн дүн гарчээ. Харин эрэн сурвалжлага хийх цагийг багасгах хандлага илэрч байв. Энэ нь урт хугацаанд эрэн сурвалжлага хийх төслүүд унахад хүргэж мэдэх юм хэмээн судлаачид болгоомжилдог. Эрж сурвалжлах цагийг багасгах нь бодлого тодорхойлдог хүмүүс болон сэтгүүлчид нягт хамтран ажиллахад дөхөм болж, цаашлаад тэдний хооронд түншийн харилцаа тогтооно. Учир нь мэдээллийг түргэн олж авах нь сэтгүүлчдэд чухал. Түүнээс гадна албан тушаалтантай харилцаж дассан жирийн сэтгүүлчид эрж сурвалжлах арга эзэмшвэл энэ нь сэтгүүл зүйг эвсэл байгуулах зүгт улам бүр түлхэх болно. Эдгээр хандлага нь бодлого тодорхойлдог буюу эрх мэдэлтнүүдийн хувьд эерэг сайн алдар хүнд олох бас нэг боломж юм. Улс төрчид, зарим нь эрх баригчдыг эсэргүүцэгчид гэж өөрсдийгөө үздэг өчүүхэн бүлэг сэтгүүлчдэд бараг найдахгүй болж, хэвлэлийн тогтоосон өргөн түншлэлээр үр дүнтэй үйл ажиллагаа явуулах боломжоо нэмэгдүүлнэ. Үйл явдал ингэж өрнөвөл улс төрийн үйл явцад ихээхэн нөлөөлөх болно. ОНМХ, эрх баригчдын холбоо хүчтэй болбол энэ нь сэтгүүлчид улс төрийн шийдвэрт их хэмжээгээр нөлөөлж чадна гэсэн үг. Ер нь ОНМХ эрх баригчдын эвсэн түншлэх нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хүч чадлыг сааруулж мэднэ. Нөгөө талаар, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн урт хугацааны нөлөөлөл нь доорх нөхцөл байдлын улмаас хумигдаж болох бөгөөд юу вэ гэвэл нийгмийн элдэв зовлон гачаалын эсрэг загалмайтны аян дайны эрч буурч байгаа билээ. ОНМХ-ийн төлөөлөгчид –“муу муухайг төнхөгчид “ маань бодлого тодорхойлогчдоор тодорхой хэмжээний өөрчлөлт хийлгүүлэх гэж хичээсээр л байх болно. Гэвч тэд нэг эрэн сурвалжлагаас нөгөөд шилжих гэж ядаж байх хугацаанд шинэтгэлийн гол утга-үйл ажиллагааны хөтөлбөр улс төрчдийн ашиг сонирхлыг илэрхийлэгч хүчнүүдийн хяналтад үлдэх магадлалтай аж. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй бол хариуцлагатай сэтгүүл зүй мөн. Энэ нь нэг талаас албан тушаалтнуудын олон түмний өмнө хүлээх хариуцлага, нөгөө талаас сэтгүүлчдийн олон түмэнд гагцхүү үнэн бодит баримттай нийтлэл мэдээлэл хүргэх хариуцлагаар хэмжигддэг. Хэрэв төрийн өмчийн цэцэрлэгийн ажилтан хүүхдүүдийг садар самуунд уруу татсан байж болзошгүйг сэтгүүлчид баримтаар нотлоод улмаар шүүх буруутайг нь тогтоогдсон бол хэвлэл мэдээллийнхэн Засгийн газрын холбогдох байгууллагаас тухайн ажилтанг сонгож авдаг шалгуур болон тэр хүүхдүүдийг хамгаалах талаар юу хийх гэж байгааг мэдэхийг хүснэ. Үүний цаана Засгийн газрын болоод сэтгүүлчийн хэн хэнийх нь хариуцлага давхар явж байгаа юм. Харин эл хариуцлага олон түмний эрх ашгийн үүднээс л хэн хэнд нь тавигдаж байгааг анхаарах ёстой л доо. Нөгөө талаар хэвлэл мэдээлэл гэдэг нь төрийн болон хувийн хэвшлийн алинаас нь ч хамааралгүй, бие даасан эрх чөлөөтэй субъект гэдгээ хамгаалж үлдэхийн тулд хариуцлагатай байх ёстой юм. Албан тушаалаа урвуулан ашигласан тодорхой хэргийг эрж сурвалжлахдаа сэтгүүлчид шинэ, шинэ зөрчил будлианы учгийг хөөж, учрыг олохын хэрээр сэтгэлд хамгийн хүчтэй буусан баримтуудыг шохоорхдог юм. Үүнийг “даган баримтлах логик” гэж нэрлэж болно”7 хэмээн дүгнэн хэлсэн байдаг. Үнэхээр ч шилж, шигшсэний дараа үлдсэн баримт болгон үнэн байдлыг бодитой тусгаж чаддагийг олон улсын туршлагатай эрэн сурвалжлагчид бүтээлээрээ харуулдаг билээ. Үүний тодорхой жишээ нь 1990-ээд оны сүүлчээр Шейла Коронел, Ивон Чува тэргүүтэй дөрвөн сэтгүүлч Филлиппиний эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийг санаачлан байгуулж, өөрсдийн үйл ажиллагааг ерөнхийлөгч Жозеф Эстрадагийн хууль бусаар хөрөнгө, орлогоо бэхжүүлж, авилгалын хэргийг өөгшүүлж буй хэрэгт чиглүүлэн ажиллажээ. Тэр тухайн улс оронд бөөн хардлага, сэрдлэ, гудамжны хов живээс өөр барих барьцгүй байсан үйл явдлын араас олон сарын турш уйгагүй эрэн сурвалжилсаны эцэст ерөнхийлөгч хэдэн тэрбум пэсогийн хээл хахууль, авилгал авч байсан хэргийг илрүүлэн бичжээ. Тэдний энэхүү цуврал бүтээл нь олон түмнийг ерөнхийлөгчөө огцруулах хөдөлгөөнд оруулаад зогсоогүй эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь хуулийн хэрэгжилт маш сул дорой, авилгалд идэгдсэн, танил талын хэлхээ холбоо дэндүү хөгжсөн нийгэмд хүртэл асар их нөлөө үзүүлж чаддаг гэдгийг харуулж, бас батласнаараа бусдад үлгэр загвар болсон юм. Филиппиний эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвөөс нийтлэн гаргасан эхний гурван сурвалжлага нь л Эстрадагийн эсрэг шүүх ажиллагааны гол бааз суурь нь болсон байна. Тэрхүү шүүх ажиллагааны эцэст хэдэн сарын дараа Ерөнхийлөгч Эстрада огцорч, ФЭССЗТ-ийн бүтээл нь шүүмжлэхээс ямагт цэрвэдэг байсан Филиппиний хэвлэл мэдээллийн хэрэгслийг хөдөлгөөнд оруулахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тэр цагаас хойш Филлиппинд эрэн сурвалжлах сэтгүүл зүй хүчтэй хөгжиж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв нь сургалт, судалгааны үйл ажиллагааг давхар хийх болжээ. Филиппиний эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийн хийсэн эрэн сурвалжлага нь сэтгүүл зүйн судалгааны үнэтэй арга зүй төдийгүй улс төр, хууль эрх зүй, нийгмийн үр нөлөөгөөрөө асар их ач холбогдолтой бүтээлүүд болсон билээ. Энэ нь нэгдүгээрт, хэвлэл мэдээлэл асар их үүрэг, хариуцлагатай байдгийг нийгэмд мэдрүүлж, олон түмэн хэвлэл мэдээллийг дөрөв дэх засаглалын хэмжээнд хүлээн зөвшөөрөхөд ихээхэн түлхэц өгчээ. Шүүмжлэхээс ямагт цэрвэдэг байсан Филиппиний хэвлэл мэдээллийн хэрэгсэл хөдөлгөөнд орж, өмнө нь Ерөнхийлөгчид тал заслаа хэмээн шүүмжлэгддэг байсан хэвлэлүүд зориг орж, Ерөнхийлөгч болон түүний тойрон хүрээлэгчдийг ухаж төнхөн, эрэн сурвалжлага хийх болжээ. Тэр үед дөрвөн сэтгүүлчийн ахлагч, Филиппиний эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийн захирал Коронел “Одоо хүн бүр л Эстрадагийн нууц амрагуудын байшинг олж илрүүлэхийг хичээж байна. Хэвлэл мэдээллийнхэн эрэн сурвалжлах сэтгүүл зүйг үнэлж сурч байна”8 хэмээн онцлон тэмдэглэжээ. Хоёрдугаарт, Сэтгүүлчдийн эрэн сурвалжилсан бүтээл нь маш их эрх мэдэл, мөнгө хөрөнгийг өөртөө хуримтлуулж чадсан хүчирхэг Ерөнхийлөгчийн эсрэг шүүх хэрхэн шударгаар ажиллахыг олон түмэн харж, хяналтаа тогтооход ихээхэн тус үзүүлсэн юм. Филиппиний эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвөөс хэвлэн гаргасан эхний гурван сурвалжлага нь Эстрадагийн эсрэг шүүх ажиллагааны гол бааз суурь болсон байна. Шүүх Жозеф Эстрадад авилга, хээл хахуульд автсан, олон түмний итгэлийг хөсөрдүүлсэн, Үндсэн хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр ял тулгасан байна. Ялын үндэслэлийн гурав нь сэтгүүлчдийн сурвалжлагад суурилжээ. Шүүх ажиллагааны эцэст хэдэн сарын дараа Ерөнхийлөгч зөөлөн суудлаасаа огцорчээ. Гуравдугаарт, сэтгүүлчдийн эрэн сурвалжилсан бүтээл нь ард түмэн Ерөнхийлөгч сонгогчдынхоо итгэлийг хэрхэн хөсөрдүүлснийг баримт нотолгоотойгоор мэдэж, улмаар түүнд хяналт тавьж, басхүү сонгосон ч эргүүлэн огцруулж чаддаг өөрсдийнх нь хүч чадлыг мэдрүүлж өгчээ. Дөрөвдүгээрт, сэтгүүлчдийн эрэн сурвалжилсан бүтээл нь дэлхий дахинд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хүч чадал, ач холбогдлыг мэдрүүлэхэд түлхэц өгсөн юм. Тэрч утгаараа Филиппиний дөрвөн сэтгүүлч эрэн сурвалжлах сэтгүүл зүйн Жэйм В.Онгпины уралдааны тэргүүн шагналыг 2001 онд авчээ. “Урьд өмнө сэтгүүл зүйн чиглэлээр гарч байгаагүй гойд сайн судалгаа хийж, баримтаар нотлон, ур чадварын дээдийг харуулсан бүтээлүүд” гэж тус төвийнхний тухай дэлхий нийтээр бичиж байна. Оросын сэтгүүл зүйн уламжлалд эрэн сурвалжлагын хэлбэр социализмын үед ч байсан, гэхдээ “тухайн үед сэтгүүлчид мэргэжлээ богино хугацаанд сольж гуанзны үйлчлэгч, таксины жолооч зэргийг хийж, үйлчилгээний байгуулллагын ажлыг шүүмжлэхээс хэтрээгүй. Харин шинэ үеийн сэтгүүлчид тийм ч тааламжтай бус орчинд нийгмээс нууцалж байгаа зарим үзэгдлийн мөн чанарыг илрүүлж чаддаг болсон нь ахиц дэвшил” юм.9 Эрэн сурвалжлах сэтгүүл зүй бол хамтын бүтээл, хамтын зориг эрмэлзлэл байдаг. Энэ жишгийг Орос улсад үзүүлж, тухайн орны сэтгүүл зүйд эрэн сурвалжлагын үлгэр дууриал, ач холбогдлыг мэдрүүлж байгаа хэсэг сэтгүүлчдийг Санкт-Петербург дэх Андрей Константиновын төв нэгтгэн ажиллаж байна. Энэ төв нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хувийн агентлаг бөгөөд тэнд нийт 40 гаруй сэтгүүлч, цөөн тооны хуульчид ажилладаг. Тус төвийнхөн Төрийн думын гишүүн асан эмэгтэйн гэнэтийн үхлийн шалтгаанаас авахуулаад хэдэн тэрбум төгрөгийн зээл авсан ч үйл ажиллагаа нь дампуурсан барилгын компанийн сүйрлийн араас мөшгин сурвалжилж олон нийтийн анхааралд хүргэжээ. Тус төв 24 цагаар мэдээлэл авах утас ажиллуулж, эрэн сурвалжлах шаардлагатай гэж үзсэн баримт, хэрэг явдал, сэжиг таамгийнхаа араас сэтгүүлчдийг багаар нь ажиллуулж, үр дүнг нь үзэхийг зорьдог байна. Тэр эрэн сурвалжлага хийх явцдаа шударга ёс, сэтгүүлчийн ёс зүй, нийгмийн ашиг сонирхлыг эрмхэмлэхийг гол шугамаа болгодог яч зарим тохиолдолд улс төр, бизнесийнхний захиалгаар төлбөрт эрэн сурвалжлага хийдэг ажээ. Тухайлбал энэ төвд Финланд, Шведээс тодорхой хэрэг явдлын зангилааг тайлж, эрэн сурвалжилж өгөхийг хүссэн захиалга ч ирж байжээ. Харин мэдээллийн эх сурвалжийг нууцлах талаар урьдчилан тохирсон л бол ямар ч нөхцөлд нь хамгаалах ёстой гэдэг зарчмийг тус төвийнхөн мэргэжлийн онцгой эрхээ болгодог байна. Ийнхүү Оросын өнөөгийн сэтгүүл зүйд эрэн сурвалжлах сэтгүүл зүй хандлага байгаа ч хэвлэл, мэдээллийн хэрэгсэл улс төр , эдийн засгийн капиталболон илүүтэй хөгжиж байна. Санкт-Петербургийн их сургуулийн доцент А.А. Юрковын үзэж буйгаар “Өрнөдөд хэвлэл мэдээллийн капитал буюу бизнес болон хувирсан бол Орост гол гол хэвлэл улс төрийн капитал буюу улс төрчдийн засгийн төлөөх тэмцлийн зэвсэг болон илүүтэй ашиглагдаж байгаа”10 юм. Оросын нэр нөлөө бүхий хэвлэлийг ямар ямар улс төрчид эрхэндээ оруулсныг “Независимая газета” сонин жагсаан хэвлэсэн нь энэхүү сэжиг таамгыг нотолж баталгаажуулсан байна. Орос оронд улс төр, бизнесийнхний мэдээллийн дайн явагдаж буй гэж үздэг судлаачид ч байдаг. Ийм нөхцөлд эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжинө гэдэг нь эргэлзээтэй юм. Өөрөөр хэлбэл, эрэн сурвалжлах сэтгүүл зүй хөгжих таатай хөрс нь бүрдээгүй байна гэсэн үг. “Мэдээлэл олж авах хууль зүйн бололцоо урьд өмнөхөөс хялбар болсон ч сэтгүүлчдийн хувьд хаалттай бүсүүд байсаар байна. Ялангуяа төрийн эрх баригчдын үйл ажиллагаа ил тод болоогүй, олон түмэнд тайлагнадаггүй, хариуцлагын механизм үйлчилдэгүй учраас эрэн сурвалжлага хийнэ гэдэг нь эрх баригчдын эсрэг сэтгүүлчид нүцгэн гараараа тулалдахтай адил гэж тэд үздэг байна. Энэ хандлага нь дийлэнхи сэтгүүлчдийг эрэн сурвалжлага, шүүмжлэлт нийтлэл бичихээс зайлсхийх шалтаг болж, тэд дуулиан шуугиан, гэмт хэргийн ертөнц, секс рүү хошуурч, эргээд хэвлэл өөрсдөө шарлаж эхэлсэн байна”11. Энэ бол Оросын хэвлэлийн сүүлийн арав гаруй жилийн нүүр царай юм. Харин цөөн хэвлэл, цөөн сэтгүүлчид хэн нэгний захиалгаар бус итгэл үнэмшлээрээ ажиллаж, мэргэжлийнхээ нэр хүндийг аврах цаг болсон гэж үздэг ажээ.

Лавлагаа[засварлах]

  1. http://www.owenspencer-thomas.com/journalism/newsvalues
  2. http://www.tandfonline.com/doi/abs/10.1080/1461670X.2010.511956
  3. http://journalism.org/node/72
  4. http://www.cpj.org/
  5. http://www.britannica.com/EBchecked/topic/1069436/gonzo-journalism
  6. http://en.wikipedia.org/wiki/Gonzo_journalism
  7. http://www.abc.net.au/news/2012-02-21/drone-journalism-takes-off/3840616

Гадаад холбоосууд[засварлах]

  1. http://en.wikipedia.org/wiki/Citizen_Journalism
  2. http://en.wikipedia.org/wiki/Creative_nonfiction
  3. http://en.wikipedia.org/wiki/History_of_American_newspapers
  4. http://en.wikipedia.org/wiki/History_of_journalism
  5. http://en.wikipedia.org/wiki/Journalism_education and http://en.wikipedia.org/wiki/Journalism_school
  6. http://en.wikipedia.org/wiki/Journalism_ethics_and_standards
  7. http://en.wikipedia.org/wiki/Journalism_genres
  8. http://en.wikipedia.org/wiki/Non-profit_journalism
  9. http://en.wikipedia.org/wiki/Objectivity_(journalism)
  10. http://en.wikipedia.org/wiki/Reporters_without_borders
  11. http://en.wikipedia.org/wiki/SEEMO
Эх сурвалж: https://mn.wikipedia.org/wiki/%D0%A1%D1%8D%D1%82%D0%B3%D2%AF%D2%AF%D0%BB_%D0%B7%D2%AF%D0%B9

No comments:

Post a Comment